Зүрх судасны сэргээн засах
Зүрх судасны сэргээн засах хөтөлбөрийн зорилго нь ачаалал даах чадварыг сайжруулах, хувь хүнд тохирсон хяналттай дасгалт хөтөлбөр, эрүүл шим тэжээлтэй хоолны дэглэм, стресс менежмент зэргийг багтаасан цогц арга хэмжээ юм. Мэргэжлийн хөдөлгөөн засалчийн хяналтанд дасгалт хөтөлбөрт хамрагдаж зүрх, уушги, араг ясны булчингийн гүйцэтгэл, үйл ажиллагааг сайжруулах юм. Энэхүү хөтөлбөр нь хувь хүний хэрэгцээнд тулгуурлан сэргээн засахын олон мэргэжлийн багийн хяналтанд явагдана. Хөтөлбөрт хамрагдсанаар бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндийн хяналт сайжирч амьдралын чанарыг дээшлүүлнэ.
Дараах оноштой тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжтой. Үүнд:
- Зүрхний шигдээсийн дараах цочмогдуу 1-6 сар болон 6 сараас дээш үе шат
- Титэм судас тэлэгч, судас нөхөх мэс заслын дараах
- Цээжний бах/ Цээжээр өвдөх
- Зүрхний архаг дутагдал
Хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол:
- Артерын даралт, судасны цохилтын тоо буурч тогтворжино.
- Ачаалал даах чадвар, тамир тэнхээ сайжирна
- Булчингийн тонус сайжирч, өөхний агууламж буурна
- Цусан дах холестрол, триглицерид /муу өөх тос/-ын түвшин буурна.
- Өөрийн өвчний шинж тэмдэг, эмний тухай ойлголт сайжирна, хэзээ эмчид хандах мэдлэгтэй болно.
- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
- Зүрх судсанд ээлтэй хоол хүнс, шим тэжээлийн мэдлэгтэй болно.
- Зүрх судасны эмгэг дахихаас сэргийлнэ.
- Түргэн эдгэрч, ажилдаа эргэж орох хугацааг түргэсгэнэ.
- Амьдралын өдөр тутмын үйлдэлдээ ядрахгүй байх, гүйцэтгэл сайжирна. Жишээлбэл: хоол хийх, гэр цэвэрлэх, өөрийгөө арчлах, хол газар алхах гэх мэт
- Уур бухимдал, айдас түгшүүрийг даван туулах чадвар хөгжих, өөрийгөө тайвшруулж сурах
- Танд болон таны гэр бүлд сэтгэлзүйн дэмжлэг болох
- Тамхинаас татгалзах