Ахилын шөрмөсний эмгэг
Алхах, гүйх үед өсгийний ар талд өвдөлттэй байдаг уу? Энэ нь ахиллын шөрмөсний эмгэг юм. Байнгын идэвхтэй болон идэвх багатай хүмүүст ахиллын шөрмөсний эмгэг элбэг тохиолддог. Ялангуяа нийт тамирчдын 24%-д, ахиллын шөрмөс нь гэмтсэн хүмүүсийн 89% нь эрэгтэйчүүд байдаг. Гүйлтийн тамирчдын 50%-д ахиллын шөрмөсний эмгэг тохиолддог байна. Ахиллын шөрмөсний гэмтлээс болж алхах, шатаар өгсөх уруудах, идэвхтэй хөдөлгөөнүүд хязгаарлагддаг.
Ахилын шөрмөс нь шилбэний арын булчинг өсгий ястай холбосон, маш зузаан бат бөх шөрмөс юм. Энэ шөрмөс нь шагайн үе, хөлний хөдөлгөөнийг хангах, биеийн тэнцвэр авахад чухал үүрэгтэй оролцдог. Ахилын шөрмөсний урагдал нь цөөн тохиолдолд гэнэт тасрах (цочмог гэмтэл), эсвэл (архаг гэмтэл) буруу хөдөлгөөнийг олон дахин давтаж хийснээр шөрмөсний микрогэмтлүүд үүссэнээс шалтгаална.
Шөрмөсний урагдлыг зэргээр нь 3 ангилна.
1- р зэргийн урагдал: шөрмөсний бага зэргийн урагдал, бага зэргийн өвдөлттэй, хаван, булчингийн чангаралтай, эмийн болон сэргээн засах эмчилгээ хийх
2- р зэргийн урагдал: өвдөлт хүчтэй ч тэвчиж болохүйц, шөрмөсний ихэнх хэсэг урагдах, хавантай, алхахад бэрхшээлтэй байх, эмийн болон сэргээн засах эмчилгээ хийх
3- р зэргийн урагдал: шөрмөс бүхэлдээ урагдах, хүчтэй өвдөлт, зогсож чадахгүй, урагдлыг оёх мэс засал шаардлагатай.
Ахиллын шөрмөсний өвдөлт нь ихэвчлэн олон дахин давтан гэмтлийн шалтгаантай. Олон дахин гэмтсэн шөрмөс нь архаг хэлбэрийн ахиллын шөрмөсний эмгэгийг үүсгэдэг. Энэ үед зайлшгүй сэргээн засах, хөдөлгөөн засал эмчилгээ шаардлагатай юм.